Дархан аварга Н.Батсуурь “Mainichi” сонинд япон хэлээр ярилцлага өгчээ

Дархан аварга Н.Батсуурь “Mainichi” сонинд япон хэлээр ярилцлага өгчээ


   Японы өдөр тутмын “Mainichi” сонин өнгөрөгч лхагва гарагийн дугаартаа Монгол улсын үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурийг онцоллоо. 2007 онд Японд ажил хийхээр очсон Н.Батсуурь сонины компанид хоёр жил ажиллаж, хэл сурахын зэрэгцээ сүмогийн бэлтгэл хийж, Асашорюү, Хакүхо аварга шиг сүмоч болохыг зорьж байсан бөгөөд энэ тухайгаа “Mainichi” сонины сурвалжлагчид дэлгэрэнгүй ярьжээ. Ажил хийх нь тийм ч амаргүй байсан тул Н.Батсуурь 2009 онд Монголдоо буцаж ирсэн байна. Тэрбээр тухайн үед хэл сурахын хажуугаар өглөө, өдөрт сонин тарааж, орой нь сүшиний ресторанд ажилладаг байжээ. Ингээд сард ердөө дөрвөн хоног амарч, ажил, хичээлээс халширч эхэлсэн тул нутаг буцах тухай бодож эхэлсэн гэнэ. Тэр үеийнх нь хамгийн сайхан зүйл юу байсан талаар Н.Батсуурь ярихдаа “Сүмогийн бэлтгэл л миний цорын ганц баяр баясгалан байсан” гэжээ. Мөн тус сонин “Японы эзэн хаан, хатан хоёр Монголд айлчилж наадам үзэх үеэр олны нүд 38 настай Н.Батсуурь аварга дээр л тусаж байлаа” гэсэн байна. Улмаар нийтлэлээ “Монголын дархан аварга Японд амссан бэрхшээлээ бөхөд амжилт гаргах түлш болгон хувиргажээ” хэмээн гарчиглажээ. 

   Дархан аварга Н.Батсуурь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдтой дотно найзууд болохоо ярьжээ. Мөн түүний удирдлага, заавраар үндэсний бөхийн бэлтгэл хийж 2018 онд улсын наадамд түрүүлснээ дуррсан байна. Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Бадамбамбуугийн Ганболд мэргэжлийн сүмод 2003-2011 онд барилдаж маэгаширагийн 4-т хүрч байснаас гадна 2012 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бөх юм. Ийнхүү сүмод барилдахыг зорьж байгаад монгол үндэсний бөх рүү орж, улсын наадамд дөрөв түрүүлэн дархан аварга цол хүртсэн Н.Батсуурийг сүмогоор бол ёкозүна болохыг “Mainichi” сонин онцлон дурдаад, түүнийг "Японоор ус цас шиг ярьдаг" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.